05
Jul , 2019
Их өгөгдөл бидний амьдралд
Тунгаахуй өгөгдлийн урлан
Өгөгдлийг зөвхөн хүн үүсгэдэг байсан цаг ард хоцорч бидний эргэн тойронд байгаа “ухаалаг” төхөөрөмжүүд өгөгдөл үүсгэж байна. Цахим орчин, нийгмийн сүлжээ, мэдрэгч төхөөрөмжүүд маш их хэмжээний өгөгдөл үүсгэх болсон ба үүнийг “их өгөгдөл” гэж нэрлэж хэвшжээ.
Үйлдэл, хөдөлгөөн, үг яриа бүхэн дижитал ул мөрийг үлдээж, өгөгдөл болон хувирч, хаа нэгтээ хадгалагдаж байна. Таны автобусанд уншуулсан карт, нийгмийн сүлжээнд оруулсан бичвэр, зураг, төлбөр төлсөн мэдээлэл, интернет хайлт, онлайн худалдан авалтын сонголт, байршлын мэдээлэл гээд бүгд өгөгдөл үүсгэж их өгөгдлийн санд хуримтлагдаж байна.
Өгөгдөл бидний амьдралын хэв маягийг өөрчилж, хялбарчилж байна. Дэлхий даяар их өгөгдлийг бизнес, төрийн үйлчилгээ, аюулгүй байдал, нийгмийн сайн сайхны төлөө үр дүнтэй ашиглаж байна. Их өгөгдөл, түүнд суурилсан технологи бидний өдөр тутмын амьдрал хэрхэн нөлөөлж байна вэ?
- Илүү таатай худалдан авалт ~ Таны өчигдөр ямар нэг вэбсайтаас харсан гутлыг өнөөдөр Facebook сурталчилгаа хэсэгтээ харуулж буйг та анзаарсан уу? Facebook таны дарсан like, share, үзсэн мэдээний өгөгдөлд үндэслэн сонирхолд тань нийцэхүйц сурталчилгааг сонгон харуулдаг. Amazon онлайн худалдаа таны худалдан авалтын түүх, сонирхсон бүтээгдэхүүн бүрийг бүртгэж, тэдгээр өгөгдөлд суурилан танд таалагдах барааг санал болгодог. Өөрөөр хэлбэл таны дараагийн худалдан авалтыг урьдчилан таамагладаг. Ингээд түүнд тохирсон сурталчилгаа, хөнгөлөлтийг харуулна. Тэр бүү хэл хэрэглэгчдэд таалагдах барааг түүнд хамгийн ойр орших агуулахад байршуулж илүү хямд хүргэлтийн үнийг санал болгодог байна.
- Энтертайнмент салбар ~ Netflix яагаад үзэгч ихтэй байдаг гээч? Тэд хэрэглэгчдийн зан төлөвт тохируулан контент санал болгохоос гадна түүнд тохируулж шинэ контентоо бэлтгэдэг. Тэд хамгийн сонирхол татаж буй сэдэв, жүжигчин, төрөл жанрыг үргэлж мэдэж байдаг. Их өгөгдлийг ашиглан энтертайнмент бизнесүүд хэрэглэгчийн сонирхлыг урьдчилан таамаглаж түүнд яг тохирсон контентийг үйлдвэрлэж байна.
- Цаг агаарын мэдээ ~ Дэлхий даяар цаг агаар мэдрэгч, хянагч маш олон хиймэл дагуулууд байдаг. Тэдгээр нь асар их тоо мэдээллийг дамжуулж, түүнийг ашиглан цаг агаарын урьдчилсан мэдээ боловсруулан, дэлхийн дулаарал, байгалийн гамшгийн талаар судалж байна.
- Үйлдвэрлэл ~ Үйлдвэрлэлийн салбарт их өгөгдлийн технологийг ашиглан бүтээгдэхүүний чанарыг хянах, үйлдвэрлэлийн процессын алдааг илрүүлэх, эрчим хүчний үр ашгийг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой. Мөн хөдөө аж ахуйн салбарт ургацын мэдээллийг цахимжуулж ургац хураалтыг нэмэгдүүлэх, цаг агаарын эрсдлээс сэргийлэх алхамууд хийгдэж эхлээд байна.
- Төрийн үйлчилгээ ~ Төрийн байгууллагууд өөрт хуримтлагдсан их өгөгдлийг нэгтгэж, боловсруулж, үр дүнтэйгээр ашигласнаар төрийн үйлчилгээг хялбарчилж, шат дамжлага, хүнд суртлыг арилгаж, үргүй зардлыг ихээр бууруулж байна. Тухайлбал нийтийн тээврийн төлбөрийн системийг цахимжуулснаар нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн өгөгдлийн санг үүсгэж чиглэлийн төлөвлөлт, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, бодит цагийн мэдээлэлд үндэслэн гэрлэн дохиог автоматаар зохицуулах, нийтийн тээврийн чиглэлийг түр хугацаанд өөрчлөх гэх мэт замын хөдөлгөөний ухаалаг зохицуулалтыг хийж байна.
- Эрүүл мэнд ~ Эрүүл мэндийн салбарт өгөгдлийг ашиглан өвчтөнийг хянах, урьдчилан сэргийлэх, өвчнийг эрт илрүүлэх, зайн эмчилгээ хийх боломж бүрдэж байна. Бид гар утсан дээрээ ч эрүүл мэндийн байдлаа тогтмол хянах боломжтой болсон. Энэ салбарт үүссэн их хэмжээний өгөгдөлд тулгуурлан эмчилгээний үр нөлөө, эмийн гаж нөлөөний шинж чанарыг нарийвчлан тодруулах, халдварт өвчний тархалтыг таамаглах, урьдчилан сэргийлэх, шинэ төрлийн эмчилгээ нээх, эрүүл мэндийн зардлыг бууруулах боломжууд нээгдэж байна. Google-ийн хайлтын өгөгдөлд шинжилгээ хийж халдварт өвчин, ханиад томуугийн талаар хайж буй давтамжийг тодорхойлоод хаана их тархсан, хаашаа халдварлах магадлал өндөр байгааг хүртэл таамаглаж, урьдчилан сэргийлэх оролдлого хийгдэж байна.
- Боловсрол ~ Боловсролын салбарын их өгөгдөлд суурилан оюутнуудын сурах хэв маягт тохируулан сургалтын системийг боловсронгуй болгох, мэргэжил сонголтыг таамаглах, онлайн сургалтын системүүдийг хөгжүүлэх зэрэг ажлууд хийгдэж байна.
- Гэмт хэргээс сэргийлэх ~ Гэмт хэргийн түүхэн мэдээлэлд шинжилгээ хийж гэмт хэрэг болох магадлалыг их өгөгдлийн тусламжтай газар зүйн байршлаар тодруулж, урьдчилан сэргийлж байна. Их өгөгдлийн технологийг ашиглан санхүүгийн залиланг илрүүлж урьдчилан сэргийлж байна. 2019 оны 6 дугаар сард БНХАУ-д их өгөгдөл ашиглан хиймэл оюун ухаан, царай таних технологийн тусламжтай олон жилийн өмнө хулгайлагдсан хүүхдүүдийг хайж олсон. Энэ нь дэлхийд анхны тохиолдол болсон ба цаашид хүн хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэхэд албан ёсоор ашиглах талаар яригдаж байна.
- Олон нийтийн санаа бодлыг тандах ~ Олон нийтийн сүлжээнд оруулсан бичлэг, сэтгэгдэлд үндэслэн ямар нэг асуудлын талаар олон нийтийн санаа бодлыг тандах, урьдчилан таамаглах, нийгмийн сэтгэл зүйг тодруулах боломжууд нээгдэж байна.
- Шинэ мэдлэгийг бүтээх ~ Салбар бүрт хуримтлагдаж буй их өгөгдөлд шинжилгээ хийж шинэ мэдлэг, нээлтийг гаргаж байна.
~~~
Ийнхүү өгөгдөл бүртгэгдэж эргээд бидний амьдралыг хялбарчлах, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд ашиглагдаж байна. Энэ бүхэн өгөгдлөөр хөтлөгдсөн амьдралын шинэ хэв маягыг үүсгэж байна.