Албан ёсны статистик мэдээлэл

Тунгаахуй өгөгдлийн урлан

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн талаарх албан ёсны, хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн бодитой гэж тооцогдох өгөгдлийн эх үүсвэр нь хуулиар тодорхойлсноор "албан ёсны статистикийн мэдээлэл" юм. Албан ёсны статистикийн мэдээллийг Үндэсний статистикийн хороо (ҮСХ), яам, төрийн бусад албан газар, бүх шатны Засаг дарга нар эрхлэн гаргах үүрэгтэй.


Нийгэм, эдийн засгийн үндсэн статистикийн мэдээллүүдийг ҮСХ холбогдох байгуулагуудаас нэгтгэх, тооллого, судалгаа зохион явуулах замаар нэгдсэн аргачлалаар цуглуулж, боловсруулан түгээдэг бөгөөд статистикийн мэдээллийн нэр төрөл, цар хүрээг жил ирэх бүр нэмэгдүүлэн ажилладаг. Харин салбарын илүү нарийвчилсан статистикийн өгөгдлүүдийг яам, төрийн бусад албан газрууд нэгтгэн боловсруулж түгээдэг.


Албан ёсны статистикийн мэдээллийн хувьд мэдээллийн үнэн зөв, шуурхай, нээлттэй байдал маш чухал. Одоогийн байдлаар статистикийн мэдээллийг тогтмол хуваарийн дагуу гаргадаг хоёр байгууллага байдаг нь ҮСХ, Монголбанк юм. Эдгээр байгууллагууд статистикийн мэдээлэл, тайлан, танилцуулга гаргах хуваариа жилийн эхэнд тодорхой зарлаж, хуваарийн дагуу олон нийтэд танилцуулан цахим хуудаснаа байршуулдаг.

Мөн Нийслэлийн статистикийн газар, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг байгууллагууд статистикийн мэдээлэл тархаах тодорхой хуваарь зарладаггүй боловч харьцангуй тогтмол буюу сар бүр мэдээллээ цахимаар түгээж байна.


Түүнчлэн дараах байгууллагуудын цахим хуудаснаас холбогдох статистикийн мэдээллийг олох боломжтой. Үүнд:

  1. Сангийн яам - Төсвийн гүйцэтгэлийн үзүүлэлтүүд, Эрдэс баялгийн бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн сар тутмын үнийн мэдээ
  2. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам - Уул уурхайн салбарын сарын статистик мэдээ, Түлш шатахууны үнэ, газрын тосны олборлолтын сарын мэдээ
  3. Эрчим хүчний яам - Эрчим хүчний үйлдвэрлэлтийн сарын мэдээ
  4. Төрийн худалдан авах ажиллагааны нэгдсэн систем (tender.gov.mn) - Бодит цагаар мэдээллээ шинэчлэн оруулдаг
  5. Улсын бүртгэлийн ерөнхий газар - Сарын статистик мэдээ
  6. Нийгмийн даатгалын ерөнхий газар - Сарын статистик мэдээ
  7. Татварын ерөнхий газар - Татварын мэдээлэл
  8. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар - Сарын мэдээ
  9. Ашигт малтмал, газрын тосны газар - Эрдэс баялгийн сарын статистик мэдээ
  10. Харилцаа холбооны зохицуулах хороо - Харилцаа холбооны салбарын хагас жил тутмын тайлан
  11. Эрүүл мэндийн хөгжлийн төв - Эрүүл мэндийн үзүүлэлт, жилээр
  12. Оюуны өмчийн газар - Оюуны өмчийн бүртгэлийн сарын мэдээ
  13. Иргэний нисэхийн ерөнхий газар - Жилийн статистик мэдээ
  14. Хил хамгаалах ерөнхий газар - Сарын инфографик мэдээ
  15. Хөрөнгийн бирж - Өдөр бүрийн арилжааны мэдээ, TOP20 индексийн сарын мэдээ, гишүүн ҮЦК-иудын санхүүгийн тайлангийн нэгтгэл
  16. Арилжааны банкууд - Улирлын санхүүгийн тайлан
  17. Санхүүгийн зохицуулах хороо - Санхүүгийн салбар, даатгал, ББСБ, ХЗХ, үнэт цаасны салбарын улирлын тайлан
  18. Сонгуулийн ерөнхий хороо - Сонгуулийн мэдээ


~ ~ ~


Монгол Улсын хувьд ҮСХ-ны мэдээллийн цар хүрээ, мэдээлэл түгээх хэлбэр жил ирэх бүр сайжирч, мэдээллийг цахим орчинд нээлттэй (www.1212.mn) түгээж буй нь ихээхэн сайшаалтай. Харин яамд, агентлагууд, бусад төрийн байгууллагуудын хувьд статистикийн мэдээллийн хамрах хүрээ, тогтмол, ил тод, хүртээмжтэй байдал сул, тодорхой стандартгүй байх нь түгээмэл. Иргэдийг мэдээллээр хангах нь эдгээр байгууллагуудын үүрэг боловч цахим хуудаснаас нь "Статистик мэдээлэл"-тэй холбоотой нэг ч үг, өгүүлбэр олох боломжгүй байгууллагууд байсаар байна.


Орчин үеийн технологийн дэвшлийг ашиглан иргэдийн завгүй амьдралын хэв маяг, мэдээлэл авч буй хэлбэрт тохируулан ил тод, ойлгомжтой, хүртээмжтэй, олон төрлийн хувилбараар татан авч, дахин ашиглах боломжтой "Open data" буюу "Нээлттэй өгөгдөл" хэлбэртэй статистик мэдээллийг бий болгох шаардлагатай байна. Тодорхой стандарттай, үнэн зөв, бүрэн, нарийвчлал сайтай, тогтмол, нээлттэй "албан ёсны статистик мэдээлэл" бидэнд хэрэгтэй. Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, өөрчлөлт, чиг хандлага, алдаа, сургамжийг статистик мэдээллээс тольдон харах боломжтой бөгөөд хувь хүн, гэр бүл, байгууллага, төрийн аливаа шийдвэр гаргалт, төлөвлөлтөд зайлшгүй шаардлагатай өгөгдлийн эх үүсвэр юм.