04
Jul , 2022
Нээлттэй өгөгдөл “нээлттэй” болох нь
Тунгаахуй өгөгдлийн урлан
Монгол Улсын Их хурлаас 2021 оны 12-р сарын 09-ний өдөр Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг баталж, нээлттэй өгөгдөл болон нийтийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгох тухай ойлголтыг хууль эрх зүйн орчинд анх удаа тусгаж, өдгөө хуулийн дагалдах зохицуулалтуудыг боловсруулж буй нь өгөгдөл, нээлттэй өгөгдлийг ашиглах эрх зүйн орчныг бий болгох, өгөгдлийн хэрэглээ, үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чухал алхам болж байна.
Бизнесийн байгууллагууд өгөгдлийг үйл ажиллагаандаа ашиглаж, төрийн үйлчилгээ цахимжиж, өгөгдөлд суурилсан шинэ бизнесүүд үүсч эхэлж буй нь нээлттэй өгөгдөл, нээлттэй өгөгдлийн сан бий болох үйл явцыг дэмжиж, салбар бүрт тодорхой хэмжээний өгөгдлүүд үүсч, хуримтлагдаж байна. Мөн манай улсын албан ёсны статистик өгөгдөл харьцангуй нээлттэй буюу статистикийн төв байгууллага өгөгдлийн нээлттэй байдал, хүртээмжээр дэлхийд дээгүүрт жагсдаг[1]. Гэсэн хэдий ч өгөгдлийг зорилготойгоор бий болгох, өгөгдлийн үнэ цэнийг нээж ашиглах тал сул, ялангуяа нээлттэй өгөгдлийг бодлого боловсруулахад ашиглах, бодлогын хэрэгжилтийг үнэлэх туршлага сул, өгөгдөлд суурилсан бизнесүүд үүсэх, хөгжих шатандаа яваа нь төрд цугларах боломжтой өгөгдлийн үнэ цэнийг улам илүү нэмж байна. Цаашлаад өгөгдлийг нийгмийн асуудлыг шийдвэрлэх, засаглалд иргэд, олон нийтийн хяналт, оролцоог хангах, нээлттэй өгөгдөлд суурилсан нээлттэй засаглалыг бэхжүүлэх асуудал шинэ хэвээр байна. Түүнчлэн нээлттэй өгөгдлийн салбарын боловсон хүчин хомс, ялангуяа төрд энэ чиглэлийн мэдлэг хомс байна.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль 2022 оны 5 дугаар 1-нээс хэрэгжиж эхэлж буй бөгөөд төрийн байгууллагууд мэдээлэл хариуцагчийн үүргээр өгөгдлөө бүрдүүлэх, нээлттэй түгээх болсон нь төрд өгөгдлийг чанартай бүрдүүлэх, ашиглах ойлголт, хандлага, туршлага бий болох суурийг нээж байна. Төрийн үйл ажиллагаа бүс нутаг, салбар, хүн амыг бүхэлд нь хамрах боломжтой тул төрд хамгийн бүтэцчилэгдсэн, үнэн зөв, өргөн цар хүрээтэй өгөгдөл үүсэх боломжтой. Тэрхүү цугларч буй өгөгдлийн урсгалыг тогтоож хадгалах, удирдах, ашиглах замаар өгөгдлийн үнэ цэнийг нээх нь чухал. Төрийн өгөгдлийн урсгалыг зөв чиглүүлж, зорилготой, стандарттай, хяналттайгаар өгөгдлийг бий болгосноор илүү тодорхой, бүрэн, чанартай өгөгдөл үүснэ. Төрийн өгөгдөл нээлттэй болсноор төрийн үйл ажиллагаа нээлттэй болох, бодитой хяналт тогтох, засаглал дахь олон талын оролцоо нэмэгдэх боломжтой. Өгөгдөл бий болсноор өгөгдлийн дэд бүтэц, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтын туршлага, аргачлал илүү хөгжинө. Цаашлаад хувь хүний өгөгдлийг илүү үнэ цэнэтэй болгох, иргэд өгөгдлөө хамгаалдаг болох, өгөгдөл илүү үнэ цэнэтэй болсноор өгөгдлийн ашиглалт нэмэгдэнэ.
Эрхзүйн орчин бүрдэж эхэлж буй энэ цаг үед суурийг зөв тавих, мэдээлэл хариуцагч болон хэрэглэгч аль аль талын ойлголтыг сайжруулах шаардлагатай. Өгөгдлийг бүрдүүлэхдээ салбар, нийгмийн асуудлууд, нийгмийн олон талыг орхигдуулахгүй байхад анхаарах хэрэгтэй. Мөн мэдээлэл хариуцагч талд зөвхөн төр биш олон талын оролцоо ялангуяа хувийн хэвшлийн оролцоог хангах, бизнесийн байгууллагууд болон иргэд тодорхой өгөгдлөө нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд нээлттэй ашиглуулах үйл ажиллагааг дэмжих нь чухал.
Иймээс салбарын эрх зүйн орчин дөнгөж бүрэлдэж буй энэ цаг үед нэг талаас нээлттэй өгөгдлийн бодлогын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, нээлттэй өгөгдлийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, нөгөө талаас нээлттэй өгөгдлийн бодит хэрэглээг сурталчлах, нээлттэй өгөгдлийг ашиглах соёлыг бий болгох нь чухал гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл салбарын зохицуулалтыг цаашид оновчтой тодорхойлох, хэрэгжилтийг хангах, нээлттэй засаглалыг бэхжүүлэхэд нээлттэй өгөгдлийн хэрэглээг дэмжихэд олон талт хамтын ажиллагаа, дэмжлэг, дуу хоолой хэрэгтэй.
Тунгаахуй өгөгдлийн урлан Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэй нээлттэй өгөгдлийн хэрэглээг нэмэгдүүлэх, өгөгдөлд суурилсан нээлттэй засаглалыг бэхжүүлэх хүрээнд тодорхой цуврал үйл ажиллагаануудыг төлөвлөөд байна. Бид нээлттэй өгөгдлийн салбарын хөгжил, тулгамдаж буй асуудал, өгөгдлийг ашиглах бодит боломжуудын талаар төр, иргэний нийгмийн байгууллага, бизнесийн байгууллагуудын төлөөлөл, салбарын мэргэжилтнүүд гэх мэт олон талт оролцогч талуудтай нээлттэй өгөгдлийн хүрээнд үр дүнтэй яриа өрнүүлэх, нээлттэй өгөгдлийн талаар бодит мэдээлэл өгөх, нээлттэй өгөгдлийг ашиглаж буй үр дүнтэй жишээг сурталчлах, туршлага солилцох, хамтран нөлөөллийн ажил хэрэгжүүлэх болно.
[1] Open Data inventory байгууллагын 2020 оны үнэлгээгээр ҮСХ өгөгдлийн нээлттэй, хүртээмжтэй байдлаар 187 орноос 9 дүгээрт, Зүүн өмнөд Азийн улс орнуудаас 1 дүгээрт эрэмбэлэгдсэн.