Нээлттэй өгөгдлийг хэн үүсгэх, нийтлэх боломжтой вэ?

Тунгаахуй өгөгдлийн урлан

  1. Төр

Бүх шатны төрийн байгууллага өөрт цугларсан өгөгдлийг нээлттэй өгөгдөл болгон нийтлэх боломжтой. Төрд улс орны бүхий л өнцөг булан, хүн амыг хамарсан өргөн хүрээний өгөгдөл бий болж байдаг.

Улс орнуудын Засгийн газар нь нээлттэй өгөгдлийг бий болгоход тэргүүлэх үүрэгтэй оролцдог. Учир нь, нээлттэй өгөгдлийн тусламжтай төрийн үйлчилгээг сайжруулах, ил тод байдлыг хангах, засаглал дахь иргэдийн оролцоог нээлттэй болгох боломж бүрддэг. Нээлттэй өгөгдөлд суурилсан оновчтой, чиглэсэн бодлого хэрэгжүүлэх боломжтой.


  1. Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага

Тодорхой аргачлал, арга зүйн хүрээнд бий болгосон судалгааны өгөгдлүүдийг нээлттэй өгөгдөл болгон нийтлэх боломжтой. Судалгааны өгөгдөл нь тодорхой зорилготой бий болгосон, аливаа асуудалд шийдэл өгөх боломжийг эрэлхийлсэн өгөгдлүүд байдаг тул нээлттэй өгөгдөл болгон түгээснээр шинэ шийдэл, шинэ гарцыг нээхэд тусална.


  1. Иргэний нийгмийн байгууллага

Иргэний нийгмийн байгууллагууд өөрийн эрхэлж буй үйл ажиллагааны хүрээнд нарийвчилсан өгөгдлүүдийг үүсгэж нээлттэй өгөгдөл хэлбэрээр түгээх боломжтой. Тодорхой нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд өгөгдөлд суурилсан дуу хоолой илүү хүчтэй, итгэл төрүүлэхүйц байж чаддаг.


  1. Бизнес

Бизнесийн үйл ажиллагааны явцад хэрэглэгчийн их хэмжээний өгөгдөл үүсэж байдаг. Эдгээр өгөгдлийн хувь хүний болон бизнесийн нууцтай хамааралтай өгөгдлүүдийг танигдахгүй болгох замаар бизнесийн байгууллагууд өөрт цугларсан өгөгдлөө тодорхой нийгмийн асуудлыг шийдвэрлэх, салбарын нөхцөл байдлыг үнэлэх, хэрэглэгчдийн зан төлвийг судлах зэрэг зорилгоор нээлттэй хуваалцах боломжтой.


  1. Иргэд

Бид алхам тутамдаа өгөгдөл үүсгэж байдаг. Цахим технологи, цахим үйлчилгээний боломжууд нь бидний үйл хөдлөл бүрийг өгөгдөл болгон бүртгэх, хадгалах боломжийг үүсгэсэн. Иргэд тодорхой зорилгын хүрээнд өөрийн өгөгдлөө нээлттэй ашиглуулах, нээлттэй өгөгдлийн санд хандивлах боломжтой.