Нээлттэй өгөгдөл гэж юу вэ?

Тунгаахуй өгөгдлийн урлан

Өгөгдөл нээлттэй байх тухай анх яригдаж эхэлсэн нь 1940-өөд оноос эхтэй буюу 1942 онд АНУ-ын социологич Роберт Кинг Мертон шинжлэх ухааны судалгааны мэдээлэл, өгөгдөл нээлттэй, хүн бүрт хүртээмжтэй байх ёстой тухай хөндөж байв. Нээлттэй өгөгдөл гэдэг нэр томъёог 1995 онд Америкийн шинжлэх ухааны агентлагийн баримт бичигт тусгасан байдаг. Үүнд геофизикийн болон байгаль орчны мэдээллийг нээлттэй болгох тухай бичигджээ.


Харин 1993 оноос интернет, World Wide Web (www) буюу цахим хуудас хөгжиж эхэлснээр нээлттэй өгөгдлийн өнөөгийн ойлголт бий болох суурь бүрдэж, улмаар 2009 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама төрийн ил тод, нээлттэй өгөгдлийн тухай бодлогын баримт бичгийг баталж, дэлхийн ихэнх хөгжилтэй улс орнууд төрийн нээлттэй өгөгдлийг хэрэглээнд нэвтрүүлээд байна. Мөн 2010 онд World Wide Web (www)-ийн зохиогч Тим Бернерс-Ли нээлттэй өгөгдлийн шалгуур болох 5 одны схемийг гаргасан байдаг.


Ийнхүү нээлттэй өгөгдлийн тухай өнөөгийн ойлголт хөгжиж, энэ талаар улс орнууд анхаарч эхэлсэн нь төдийлөн удаагүй буюу ердөө 10 гаруйхан жилийн өмнөөс эхэлсэн гэж хэлж болно. Тэгэхдээ төрийн өгөгдөл ямар нэг хязгаарлалтгүйгээр нээлттэй байх ёстой гэдэг агуулга дээр суурилж хөгжжээ. Өнөөдөр нээлттэй өгөгдлийг товчхондоо “хэн ч чөлөөтэй хандах, ашиглах, түгээх боломжтой өгөгдөл” гэж тодорхойлж байна.


Өгөгдөл нээлттэй болсноор өгөгдлийн хэрэглээ нэмэгдэж, хяналт, оролцоо бий болж, шийдвэр гаргалтад ашиглахуйц мэдээллийг гарган авах боломж бүрдэнэ. Нээлттэй өгөгдөл нь шинэ санаа, инновацийг дэмждэг. Шинэ мэдлэгийг бүтээдэг. Асуудлыг нээж, асуудлыг шийдвэрлэхэд тусалдаг. Баялаг бүтээдэг.


Нээлттэй өгөгдлийн тодорхойлолтыг илүү тодруулбал, нээлттэй өгөгдөл нь “хэн ч чөлөөтэй ашиглаж, өөр зорилгоор хэрэглэж, дахин түгээж болдог, ихэвчлэн зохиогчийг заавал дурдах, ижил нөхцөлөөр дамжуулах нээлттэй лицензтэй өгөгдөл” юм. (https://theodi.org)


Нээлттэй өгөгдлийг хэн ч чөлөөтэй ашиглах боломжийг бүрдүүлэхийн тулд цахим орчинд нээлттэй байршуулдаг ба нээлттэй өгөгдөл нь аль болох хэрэглэхэд хялбар, машин унших боломжтой, бүтэцчилэгдсэн өгөгдөл байх анхдагч шаардлагууд тавигддаг. Өгөгдлийг машин унших боломжтой, аль болох нээлттэй, төлбөргүй форматаар байршуулснаар хэрэглэгч өгөгдлийг шууд авч ашиглах, дүн шинжилгээ хийх боломж бүрдэнэ.


Түүнчлэн нээлттэй өгөгдлийг нээлттэй ашиглах нөхцөлийг тодорхойлсон лицензийг зааж өгдөг. Нээлттэй өгөгдлийг өөр зорилгоор дахин ашиглах, нийтэд түгээх, борлуулах боломжтой болохыг линензийн дагуу зааж өгснөөр хэрэглэхэд илүү тодорхой болно. Нээлттэй байршуулсан ч лиценз заагаагүй өгөгдлийн хувьд хэрэглэгч цааш дамжуулах, өөр зорилгоор ашиглах зэрэгт эргэлзээтэй нөхцөл үүснэ.


Нээлттэй өгөгдөлд түгээмэл ашиглаж буй лиценз нь “Creative commons” нээлттэй эхийн лиценз (https://creativecommons.org/licenses/) юм. Тухайлбал манай улсын Үндэсний статистикийн хороо статистик мэдээллээ www.1212.mn цахим хуудсаар дамжуулан CC BY 4.0 тэмдэглэгээтэй нээлттэй өгөгдөл хэлбэрээр түгээж байна. CC BY нь нээлттэй лиценз бөгөөд өгөгдлийг чөлөөтэй хуулбарлах, хувилах, түгээх боломжтой, ингэхдээ эх үүсвэрийг заавал дурьдана гэсэн утгатай. Зарим улс орнууд өөрийн Засгийн газраас гаргасан лицензийг ашигласан туршлагууд байдаг.


Нээлттэй өгөгдлийн ард түүнийг бүтээгч болон хэрэглэгч хоёр тал бий. Нээлттэй өгөгдлийг төр, бизнес, иргэний нийгмийн байгууллага, академик байгууллагууд, иргэд зэрэг оролцогч талууд бүтээх бас ашиглах боломжтой. Төрд маш их өгөгдөл цуглардаг бөгөөд төрийн өгөгдөл нээлттэй болсноор бодлого, шийдвэрт иргэдийн оролцоо, хяналт бий болох, өгөгдөлд суурилсан засаглал бэхжих, төрийн үйлчилгээ сайжрах боломжтой. Бизнесийн байгууллагууд технологийн дэвшил, дижитал шилжилтийн боломжуудтай холбоотой өгөгдөл цуглуулах хийгээд ашиглах боломж нь тасралтгүй нэмэгдэж буй бөгөөд нээлттэй өгөгдлийг ашиглан бизнесийн зөв шийдвэр гаргах, бүтээмжээ нэмэгдүүлэх, орлогоо өсгөх боломжтой. Мөн иргэний нийгмийн байгууллагууд нээлттэй өгөгдлийг ашиглан аливаа нөлөөллийн ажил хийх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд оролцох боломж бий. Нөгөөтэйгүүр өгөгдлийн гол эх сурвалж нь иргэд бөгөөд бидний үйл хөдлөл, шийдвэр гаргалтууд их хэмжээний өгөгдлийг үүсгэж, нөгөөтэйгүүр бид тэдгээр өгөгдлийн үр дүнд бий болсон шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэж, өгөгдлийн тусламжтай бий болсон шийдэл, инновацийн үр дүнг хүртэж байдаг.


Монгол Улсад 2022 оны 5 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль”-д нийтийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгох тухай анх удаа зааж өгсөн. Ингэхдээ Засгийн газраас нээлттэй өгөгдлийн жагсаалтыг баталж, түүний дагуу мэдээлэл хариуцагч нь нээлттэй өгөгдлөө өөрийн цахим хуудас болон төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн системд байршуулах, тогтмол шинэчлэх тухай зохицуулж өгсөн. Хуулийн дагуу бий болох төрийн нээлттэй өгөгдлүүдийг Дэлхийн банкны санхүүжилттэй Ухаалаг засаг төслийн хүрээнд өмнө хийгдэж байсан https://opendata.gov.mn цахим хуудаст байршуулахаар яригдаж байгаа ч одоогоор шинэ өгөгдөл ороогүй байна. 2022 оны 6 дугаар сарын 15-нд Засгийн газраас “Нээлттэй өгөгдлийн жагсаалт” баталж, 59 байгууллагын 606 өгөгдлийг олон нийтэд ил тод, нээлттэй байршуулахаар заасан.


Өгөгдлийг ямар нэг хязгаарлалттгүй, нээлттэй байршуулах, дээрээс нь өгөгдлийн чанар буюу стандарт, формат, үнэн зөв байдал, өгөгдлийн тухай өгөгдөл болох метадата, тогтмол шинэчлэлт болон хэрэглэгчдэд харагдах байдал, хүртээмж зэргийг анхаарч чанартай нээлттэй өгөгдөл үүсгэх нь түүнийг ашиглах, үнэ цэнэ гарган авахад чухал нөлөөтэй. Манай улсын хувьд хууль эрх зүйн орчин бүрдэж эхэлж буй энэ үед өгөгдлийн чанар болоод хэрэглээнд аль алинд нь анхаарч өгөгдлөө бүрдүүлэх нь зүйтэй.


Цаашилбал нээлттэй өгөгдлүүд хоорондоо холбогдох боломжтой байх, нээлттэй өгөгдлүүдийг холбох замаар шинэ өгөгдөл үүсгэх тухай яриа үүснэ. Мөн шинээр бий болж буй нээлттэй өгөгдлүүд нь хүртээмжтэй буюу хэрэглээтэй байх тухай бодох, нээлттэй өгөгдлийг аль болох нарийвчилсан, нийгмийн олон салбар, олон бүлгүүдийг орхигдуулалгүй хамруулсан эсэх тухайд анхаарах шаардлагатай.