Ашиглах нөхцөл: © Тунгаахуй өгөгдлийн урлан, CC BY 4.0
(Зохиогчийг дурдах нөхцөлтэйгөөр чөлөөтэй ашиглах, түгээх боломжтой.)
Тайлбар
Эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 2009 оноос эхлэн тасралтгүй буурч, энэ үеэс эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо эрс зөрүүтэй болж эхэлжээ. Ажиллах хүчний оролцооны түвшин гэдэг нь хөдөлмөрийн насны хүн амын хэдэн хувийг ажиллах хүчин (ажиллагчид болон ажиллахад бэлэн байгаа ажилгүй хүн) эзлэж буйг харуулдаг. 2023 оны 4 дүгээр улирлын байдлаар энэ үзүүлэлт эмэгтэйчүүдийн хувьд 50.1 хувьд хүрсэн бөгөөд энэ нь эрэгтэйчүүдтэй харьцуулахад 16.2 хувиар доогуур үзүүлэлт юм. Эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин бага байна гэдэг нь эмэгтэйчүүд хөдөлмөрлөхгүй байна гэсэн үг үү? ҮСХ-ноос дөрвөн жил тутамд "Цаг ашиглалтын судалгаа"-г зохион байгуулж, хүн амын хөлстэй болон хөлсгүй хөдөлмөр эрхэлсэн цагийг тооцдог. Хөлстэй хөдөлмөр эрхлэлт гэдэг нь цалин, орлоготой хөдөлмөр эрхлэлт бол хөлсгүй хөдөлмөр гэдэг нь гэрийн ажил хийх, хүүхэд харах, гэр бүлийн гишүүдийг асрах зэрэг цалин, орлогогүй хөдөлмөрийг хэлдэг. Цаг ашиглалтын судалгааны 2019 оны үр дүнгээс харвал долоо хоногийн нэг өдөрт эрэгтэйчүүд 2 цагийг хөлсгүй хөдөлмөрт зарцуулж буй бол эмэгтэйчүүд үүнээс 2.4 дахин их буюу 4.7 цагийг хөлсгүй хөдөлмөр эрхлэхэд зарцуулж байна. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй адил, бүр илүү хөдөлмөр эрхэлж буй ч тэдний хөдөлмөрийн дийлэнх нь хөлсгүй, үнэлэгддэггүйд учир байна. Гэрийн ажил, хүүхэд асрах нь зөвхөн эмэгтэйчүүдийн үүрэг гэх хэвшмэл ойлголт байсаар байна. “Азийн хөгжлийн банк”-наас 2020 онд танилцуулсан "Ажиллах хүчин дэх эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн оролцоог ижил түвшинд хүргэснээр Монгол Улсын урт хугацааны эдийн засгийн өсөлтийг дэмжих нь" хэмээх судалгаагаар ажлын байран дахь жендэрийн тэгш бус байдлыг арилгаснаар Монгол Улс эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшинг 63.2% хүртэл өсгөх боломжтой бөгөөд ингэснээр 30 жилийн дотор дотоодын нийт бүтээгдэхүүнийг 16.1%-аар өсгөх боломжтой гэсэн дүгнэлт гарчээ. Хүүхэд асрах, гэр бүлийн өвчтэй гишүүдийг асрах, гэрийн ажил хийх нь зөвхөн эмэгтэйчүүдийн үүрэг гэх хэвшмэл ойлголтыг халах, асрахуйн үйлчилгээг хөгжүүлэх, асрахуйн ажлыг эдийн засгийн үнэлгээтэй болгох замаар эмэгтэйчүүд хүссэн ажлаа хийх, карьер ахих, ажлын байраа алдахгүй байх, хөлсгүй хөдөлмөрийг ямар нэг хэвшмэл ойлголтын шаардлагаар бус өөрийн сонголтоор хийх боломжтой орчныг бүрдүүлэх нь чухал байна. Өгөгдлийн дүрслэлийг жендэрийн хэвшмэл ойлголтыг халах "Хамтдаа цэг тавья!" аяны хүрээнд бүтээв.