Ашиглах нөхцөл: © Тунгаахуй өгөгдлийн урлан, CC BY 4.0
(Зохиогчийг дурдах нөхцөлтэйгөөр чөлөөтэй ашиглах, түгээх боломжтой.)
Тайлбар
2022 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд дээд боловсролын салбарын бүх түвшинд эмэгтэйчүүд илүү боловсролтой болж байгааг харж болохоор байна. Гэхдээ ажил эрхлэлт дээр өөр тоо харагдаж байна. Доод болон дунд шатны түвшинд эмэгтэйчүүд илүү их ажиллаж байгаа бол удирдах шатанд буюу топ менежментийн түвшинд эрэгтэйчүүд илүү их ажиллаж байна. Мөн биеийн хүчний онцлог шаардсан өндөр цалинтай салбаруудад эрэгтэйчүүд илүү их ажиллаж байна. Энэ нь биеийн хүчний зөрүү, мөн хүнд хүчир ажилд уламжлал ёсоороо эрчүүд ажилладаг гэх хэвшмэл ойлголт байдагтай холбоотой. Гэвч 21-р зуунд техник технологийн хөгжлийн ачаар өндөр цалинтай ч биеийн хүч их шаарддаг ажлуудад эмэгтэйчүүд ажиллах боломж бүрдэж байна. Цаашдаа технологи хөгжихийн хэрээр аливаа ажил дээр хүйсээр ангилах, нэг хүйс давамгайлах байдал буурах төлөвтэй байна. Дэлхий эдийн засгийн форумын Жендерийн эрх тэгш байдлын индексийн эрэмбээр Монгол улс 2023 оны байдлаар 80-р байранд жагсаж байгаа бөгөөд үүний гол хүчин зүйлийн нэг нь удирдах шатанд болон шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо дэлхийн дунджаас бага байгаа нь (122-р байр) нөлөөлж байна. Боловсролын салбарын бүх түвшинтэй харьцуулахад эмэгтэйчүүдийн албан тушаал эрхлэх түвшин доогуур байна. Үүний нэг жишээ нь төрийн албан тушаалын төрөл юм. 2023 оны байдлаар Төрийн албанд нийт 226,496 хүн ажиллаж байгаагаас гүйцэтгэх болон туслах албан тушаалд эмэгтэйчүүд давамгай байгаа бол удирдах албан тушаалд эрэгтэйчүүд давамгайлсан хэвээр байна. Өгөгдлийн дүрслэлийг жендэрийн хэвшмэл ойлголтыг халах "Хамтдаа цэг тавья!" аяны хүрээнд бүтээв.