Ашиглах нөхцөл: © Тунгаахуй өгөгдлийн урлан, CC BY 4.0
(Зохиогчийг дурдах нөхцөлтэйгөөр чөлөөтэй ашиглах, түгээх боломжтой.)
Тайлбар
2011 онд нэгэн судлаач өөрийн Магистрийн ажил дээрээ "Монголчуудын жендерийн талаарх уламжлалт сэтгэлгээ ба орчин үеийн чиг хандлага" судалгааг, 6-18 насны 50 эмэгтэй, 50 эрэгтэй хүүхдүүдээс зурган хэлбэрээр авсан бөгөөд, судалгааны нэг даалгавар нь Монгол Улсын ерөнхийлөгчийг зурах байв. Хачирхалтай нь тэдгээр 100 хүүхэд (6-18 насны 50 охид, 50 хөвгүүд) бүгд Монгол Улсын ерөнхийлөгчийг эрэгтэй хүнээр төсөөлж зурсан байв. Үүнээс харахад жендерийн болон жендерт суурилсан хөдөлмөрийн хуваарийн талаар хүүхэд их бага наснаасаа олж мэддэг нь тогтоогдсон. Дэлхий нийтээрээ эмэгтэйчүүдийг удирдах, манлайлах түвшинд ажиллаж чадна гэдэгт саяхныг хүртэл итгэдэггүй байсан бол 21-р зуун гарсанаар эмэгтэйчүүд ч тэр, эрэгтэйчүүд ч тэр, аль аль нь эмэгтэйчүүдийн манлайлалд бага багаар итгэдэг болсоор байна. 2024 оны “Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаарх олон нийтийн төсөөллийн судалгаа”-ны үр дүнгээс харахад ч улс төр дэх эмэгтэйчүүдийг дэмжих хандлага 2021 оны дүнтэй харьцуулахад эрэгтэйчүүдийн хувьд 6.4 хувь, эмэгтэйчүүдийн хувьд 12.4 хувиар нэмэгдсэн нь улс төрийн оролцоон дахь жендэрийн хэвшмэл үзэл буурч байгааг илэрхийлж байна. Эмэгтэйчүүдийг манлайлж чадна гэдгийг ард түмэн, олон нийтэд таниулахын тулд дэлхий нийтээрээ квот /түр тусгай арга хэмжээ/ гэгч зүйлийг ашиглаж байгаа бөгөөд зарим улс орнуудад жендерийн асуудал шийдэгдсэн гэж үзээд квот ашиглахаа больсон байна. Монгол Улсын хувьд 2023 онд улс төр дахь эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг дэмжих зорилгоор Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд 30 хувийн квотыг 2024 оны сонгуульд, 40 хувийн квотыг 2028 оны сонгуульд хангуулахаар Улсын Их хурал баталсан байна. Олон улсын мэргэжилтнүүд 30 ба 40 хувийн квотыг "тааз" бус харин "босго" хэлбэрээр ашиглах талаар Монгол Улсад зөвлөмж хүргүүлсээр байна. Өгөгдлийн дүрслэлийг жендэрийн хэвшмэл ойлголтыг халах "Хамтдаа цэг тавья!" аяны хүрээнд бүтээв.