Ашиглах нөхцөл: © Тунгаахуй өгөгдлийн урлан, CC BY 4.0
(Зохиогчийг дурдах нөхцөлтэйгөөр чөлөөтэй ашиглах, түгээх боломжтой.)
Тайлбар
2023 онд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орж “Нам, эвслээс нэр дэвшүүлэхэд 2024 оны ээлжит сонгуулиар нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна”, “нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлнэ” гэсэн хүйсийн квотыг тусгаж өгсөн. Монгол Улсын Их Хурлын өмнөх 8 удаагийн сонгуулийн нэр дэвшигчдийн статистикаас харахад эмэгтэй хүйсийн төлөөлөл үргэлж бага буюу 1.4-32.0 хувьтай байжээ. Харин 2024 оны сонгуулиар нэр дэвшсэн нийт 1341 нэр дэвшигчийн 520 нь эмэгтэй нэр дэвшигч буюу бага хүйсийн төлөөллийн хувь 38.8 хувь боллоо. Энэ үзүүлэлт нь Монгол Улсын Парламентын сонгуулийн түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болж байгаагаараа онцлогтой. Олон улсын Парламентын холбоо (IPU)-ны “Парламент дахь эмэгтэйчүүд” судалгааны үр дүнгээр дэлхийн хэмжээнд эмэгтэй парламентын гишүүдийн эзлэх хувь 2024 оны 1-р сарын 1-ны байдлаар 26.9%-д хүрсэн. Монгол Улсын хувьд 2020 – 2024 онуудад ажилласан парламентын 76 гишүүний 13 нь эмэгтэй гишүүн буюу парламент дахь эмэгтэйчүүдийн хувь 17.1 хувь байсан нь дээрх судалгаанд хамрагдсан 186 орны дунджаас 9.8 нэгж хувиар доогуур үзүүлэлт юм. Өгөгдлийн дүрслэлийг Сонгуулийн ерөнхий хороотой хамтран бүтээв.