Ашиглах нөхцөл: © Тунгаахуй өгөгдлийн урлан, CC BY 4.0
(Зохиогчийг дурдах нөхцөлтэйгөөр чөлөөтэй ашиглах, түгээх боломжтой.)
Тайлбар
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийн хүйсийн харьцааг харвал нам, эвслийн хувьд эмэгтэй нэр дэвшигчдийн хувь хамгийн багадаа 30 хувь, хамгийн ихдээ 60 хувь (1 нэр дэвшигчтэй 2 намыг эс тооцвол), харин бие даан нэр дэвшигчдийн хувьд эмэгтэйчүүдийн төлөөлөл 2 хувь байна. Монголын либерал ардчилсан нам, Эх орончдын нэгдсэн нам тус бүр нийт 1, 1 эмэгтэй нэр дэвшигчтэй юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нам, эвслээс нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна гэж хүйсийн квотыг тусгаж өгсөн. Намууд сонгуулийн хуулинд заасан энэхүү хүйсийн квотыг хангасан байна. Эмэгтэй нэр дэвшигчдийн эзлэх хувь: 1. Монголын либерал ардчилсан нам: 100% (нийт 1 нэр дэвшигчтэй) 2. Эх орончдын нэгдсэн нам: 100% (нийт 1 нэр дэвшигчтэй) 3. Иргэдийн оролцооны нэгдэл нам: 60% 4. Ард түмний хүч нам: 52% 5. Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам: 47% 6. Эрх чөлөөний эвсэл нам: 47% 7. ХҮН нам: 47% 8. Иргэний хөдөлгөөний нам: 44% 9. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам: 43% 10. Иргэний зориг ногоон нам: 42% 11. Монгол консерватив нам: 41% 12. Монголын хүний төлөө нам: 40% 13. Үндэсний эвсэл: 40% 14. Бүгд найрамдах нам: 39% 15. Үнэн ба зөв нам: 36% 16. Ард түмний олонхийн засаглал нам: 35% 17. Шинэ нэгдсэн эвсэл: 33% 18. Монголын социал демократ нам: 33% 19. Эх орон нам: 30% 20. Монгол ардын нам: 30% 21. Ардчилсан нам: 30% Эрэгтэй, эмэгтэй нэр дэвшигчдийн хүйсийн харьцаагаар хамгийн бага эмэгтэйчүүдийг дэвшүүлсэн гурван нам байгаа нь Монгол ардын нам, Ардчилсан нам, Эх орон нам юм. Эдгээр намууд хуулинд заасан 30 хувийг квотыг тулган хангажээ. Хамгийн олон эмэгтэй нэр дэвшигчидтэй намууд нь Иргэдийн оролцооны нэгдэл нам (60%), Ард түмний хүч нам (52%) байна. 2023 оны 4-р сард БНСУ-ын КОЙКА ОУ-ын байгууллагын санхүүжилтээр НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслөөс “Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах амлалт” олон улсын форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Энэхүү арга хэмжээний үеэр улс төрийн 10 нам намын шийдвэр гаргах бүх түвшинд аль нэг хүйсийн төлөөллийг 40-өөс доошгүй хувьд хүргэх амлалт өгч, гарын үсгээр баталгаажуулсан. Амлалт өгсөн 10 намаас ХҮН нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Иргэний зориг ногоон нам, Үндэсний эвсэлд нэгдэн сонгуульд оролцож буй Монголын ногоон нам амлалтандаа хүрч 40-өөс дээш хувийн нэг хүйсийн төлөөллийг хангасан бол Монгол ардын нам, Ардчилсан нам, Монголын социал демократ нам, Шинэ нэгдсэн эвсэлд нэгдэн сонгуульд оролцож буй Монголын үндэсний ардчилсан нам болон Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, түүнчлэн Үнэн ба зөв нам амлалтаа хангаагүй байна. Сонгуульд өрсөлдөж буй 19 намаас эмэгтэй нэр дэвшигчийн төлөөлөл 50 хувиас дээш хоёр нам, 40-50 хувь бүхий 8 нам, 30-40 хувь бүхий 7 нам байгаа бөгөөд 2 нам тус бүр нэг нэр дэвшигчтэй бөгөөд тэд эрэгтэй нэр дэвшигчид байна. Харин хоёр эвслийн хувьд 33 хувь ба 41 хувийн эмэгтэй төлөөллийг нэр дэвшүүлжээ. Нэр дэвшигчдийн тоогоор Монгол ардын нам, Ардчилсан намын дараа орох Иргэний хөдөлгөөний намын эмэгтэй төлөөлөл 44 хувь, ХҮН намын эмэгтэй төлөөлөл 47 хувь байна. УИХ-ын өмнөх сонгуулиудаас ялгаатай нь энэ жил нам, эвслээс нэр дэвшүүлэх хүйсийн квотыг 30 хувь буюу аль нэг хүйсийн төлөөлөл хамгийн багадаа 30 хувь болж нэмэгдсэн явдал билээ. Өмнөх Парламентад 76 гишүүн байснаас эрэгтэй 63, эмэгтэй 13 гишүүн буюу нийт гишүүдийн 17.1 хувь эмэгтэйчүүд байсан нь дэлхийн дундаж үзүүлэлт болох 26.9 хувиас 9.8 хувь доогуур байв. Энэ удаагийн сонгуулийн үр дүнд нийт 126 гишүүний хэдэн хувь нь эмэгтэй гишүүд байх бол? Өгөгдлийн дүрслэлийг Сонгуулийн ерөнхий хороотой хамтран бүтээв.